Зураач, урлаг судлаач, эсгий ширмэл урлаач Д.Тангадын 80 насны ойд зориулсан “БҮТЭЭЛИЙН ЧУУЛБАР” үзэсгэлэнг 2025 оны 5 дугаар сарын 23 – 28-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэн толилууллаа.
Хүн амьдралдаа тохиосон боломж, аз эзийг алдалгүй тогтоон барьж, хичээн зүтгэвээс сайхан амьдрал бүтээж болдгийг зураачийн мэргэжлээр ажлын гараагаа эхэлсэн ч судлаачийн амьдралаар амьдарсан Данаажавын Тангадын уран бүтээлийн үзэсгэлэнгээс харж болно. Угсаатны зүйч хүн монгол өв соёлоо зөвхөн шинжлэх ухаанч арга барилаар судлахаас гадна урлагийн бүтээл, уран зураг, биет ба биет бус хэлбэрээр илэрхийлэн, түгээн дэлгэрүүлэх боломжтойг энэхүү үзэсгэлэн таниуллаа.
Угсаатны зүйч, соёл судлалын ухааны доктор PhD, дэд профессор Д. Тангадын 80 насны ойд зориулан гэр бүлийн зүгээс гаргаж буй энэ үзэсгэлэнд түүний амьдралынхаа турш судласан угсаатны зүйн холбогдолтой судалгаа, ном бүтээлүүд, уламжлалт нүүдлийн ахуй соёлыг харуулсан уран зургууд, өөрийн гараар урлан бүтээсэн эсгий ширмэл урлал гэх мэт түүний олон талын авъяас, сонирхолыг харуулсан бүтээлүүдийг дэлгэн үзүүллээ. Мөн оюутан цагийн анхны уран зургууд, нийтэд хараахан хүртээл болоогүй байгаа дуу, шүлэгтэй танилцаж, түүний сэтгэлгээний онцлог, дотоод ертөнц рүү нь өнгийх боломжийг олголоо.
Энэхүү үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдийн нэг нь Ноён Уулын Хүннүгийн язгууртны булшнаас олдсон эсгий ширмэл ширдгийг дахин амилуулан бүтээсэн ширмэл байв. Үүнийг хийх санаа нь оюутан ахуй үедээ Оросын Эрмитажын музейд байдаг Ноён Уулын ширмэлийг анх харсан цагаас бий болжээ. Олон жил тээсэн хүслээ тэрээр 1990-ээд оны сүүлээр биелүүлж, уг ширмэлийг монгол малын цэвэр ноосоор, будаг оруулалгүй Монголд анхлан ширж бүтээжээ. Хоёр жил гаруй ширсэн энэхүү бүтээл нь уламжлалт эсгий хийх аргыг, эх ширмэлээс дүрс буулгах гэх мэт нарийн түвэгтэй ажиллагаатай хослуулан хийсэн нь урлагийн гоц бүтээл болж хүлээн зөвшөөрөгдөн, улмаар Европын олон музейд тавигдан олны хүртээл болсоор иржээ.
Зураач, судлаач Д.Тангадын бусдаас ялгарах гол онцлог нь ЗХУ-д үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр олсон боловсролоо өсч торнисон монгол ахуйгаа дүрслэхэд ашиглан угсаатны зүйн судалгаатай холбосон явдал юм.
Tус үзэсгэлэнгээс Д.Тангадын залуу наснаасаа эхлэн ШУА-н түүхийн хүрээлэнгийн судлаачдын багтай хамтран 21 аймгийн дөрвөн мянга гаруй нүүдэлчин айлд зочлон, монгол соёл, уламжлал устан мартагдахаас нь өмнө цаасан дээр сийрүүлэн цуглуулсан гар бичмэл, түүнд суурилсан угсаатан зүйн судалгааны 5 цуврал боть номыг танилцууллаа. Мөн СУИС-д багшлах хугацаандаа докторын ажлын сэдэв нь болсон домын судалгаа, тайлбар толь, дотоод гадаадад хэвлүүлсэн нийтлэл, өгүүлэлүүддийг танилцуулав. Шилжилтийн үеийн түүхий эд хомс эдийн засгийн үед тэрээр өөрт олдох зүйлсийг ашиглан гэр ахуйн ихэнх эд хогшлоо өөрийн гараар урлан хийсэн нь энэхүү үзэсгэлэнгийн үеэр зурагт үзүүлбэр хэлбэрээр дэлгэгдлээ.