“ЦАГ ХУГАЦАА ҮГҮЙ” үзэсгэлэн
2025-04-28

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд залуу уран бүтээлч М.Чимэдлхагвын “ЦАГ ХУГАЦАА ҮГҮЙ” анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 2025 оны 4 дүгээр сарын 23 – 29-ны өдрүүдэд дэлгэгдэж байна.

Зогсолтгүй эргэх цаг хугацааны хэлхээсэнд хүмүүний амьдрал цаг хугацаа үгүй мэт үргэлжлэх хэдий ч үл зогсох хурдаар харван одно. Бидний амьдрал асар богино цаг хугацаан дахь хязгааргүй орон зайд үргэлжилсээр. “Яг одоо” гэх торгон агшин орших, эс орших хоёрын заагт цаг хугацаа үргэлжилдэг. Хоорондоо харилцан хамааралгүй мэт боловч энэ ертөнц дээрх бүх оршихуй бие биестээ нөлөөлж амьдардаг нь жам юм. Өнгөрснийг дурсаж, ирээдүйг төсөөлж амьдрах авч зөвхөн яг одоод л оршин байх боломжтой. Тиймээс одоо цагийн мөн чанар болоод оршихуйг ойлгож, мэдрэх нь тэр л зогсолтгүй эргэх цаг хугацааг үгүй мэт болгодог нь гайхалтай. Яг одоо, нэг, хоёр, гурав…бас дахин Яг одоо.

Залуу уран бүтээлч М.Чимэдлхагва – ийн анхны бие даасан үзэсгэлэн нь модон сийлбэр болон бар зургийн техникийг хослуулан хар, цагаан хоёрхон өнгөөр тодорхой бус дүрүүд болоод тэдгээр дүр хоорондын харилцааг хөнгөхөн хийгээд агаарлаг, бие биедээ уусан шингэж буйгаар  дүрсэлсэн нь оршин буй бүхий л зүйлс өөр хоорондоо шууд болон шууд бус харилцан холбоотойг илэрхийлнэ. Мөн аль ч нийгэмд хүмүүний амьдралын мөн чанар угтаа ижилхэн агаад гагцхүү өөрчлөгдөн буй зүйлс нь зөвхөн гадна харагдах төдий. Дотооддоо үл өөрчлөгдөх ба үл зогсох цаг хугацаанд амьдрал мөнхөд үргэлжилсээр л байдаг гэсэн санааг агуулжээ.

Харин амьдрал үнэн худал хоёрын зааг дээр оршин буйг хар цагаан хоёр өнгийн тоглолтыг бүтээлүүддээ ашигласнаар илүү тодотгосон. Туйлын үнэн гэж үгүй, туйлын худал гэж бас үгүй. Хараас цагаан руу, цагаанаас хар луу, цаг хугацаа үгүй мэт уусан шингэнэ…

# Сэдвүүд
Uncategorized