БИДНИЙ ЕРТӨНЦ уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн
2024-10-03
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нарын “БИДНИЙ ЕРТӨНЦ” уран бүтээлийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2024 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 10 хүртэл дэлгэгдэж байна.
Зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нар нь 1970-аад онд Монголд, 1980 оны дунд үеэс БНАГУ-д Дүрслэх урлагийн боловсрол эзэмшсэн гэр бүлийн уран бүтээлчид юм.
Тэд 30-аад жил Монголын дүрслэх урлагийн салбарт үе үеийн зураач урчуудыг бэлдсэн билэг авьяастай сурган хүмүүжүүлэгч багш нар билээ. Мөн тэд гадаад, дотоодод олон олон уран бүтээлийн үзэсгэлэнгүүдээ гаргахын зэрэгцээ эх орноороо жилийн дөрвөн улиралд аялж байгалиас суралцаж уран бүтээлээ туурвисаар байна.
Хоёр уран бүтээлч маань он цагийн урсгалд өөрсдийн урлаг, үзэл бодолдоо үнэнч байхын сацуу сурган хүмүүжүүлэгч, үлгэр жишээч уран бүтээлчид юм. Энэ удаад “Бидний ертөнц” хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлүүдийн онцлог нь тэдний урлагтай танилцаж эхэлсэн хүүхэд ахуйгаас өнөөг хүртэлх цаг хугацаанд дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээсэн гайхамшигт уран бүтээлүүдийг нь харж мэдрэх боломжтой.
Үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж тухлан саатахыг урьж байна.
# Сэдвүүд
Uncategorized