Монгол Улс, Словени улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих Төрийн айлчлал нь Словени Улсын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны төрийн айлчлал аж.
Хүндэт зочин Др.Алеш Мусарыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, П.Байгалмаа (PhD) хүндэтгэлтэйгээр угтан авч, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний үеэс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх монголын төрт ёсны түүх, ёс заншил, шашин шүтлэг, аж байдлыг дэлгэн харуулсан үнэт үзмэрүүд бүхий танхимуудыг танилцуулан тайлбарлалаа.
Др.Алеш Мусар танхимуудаар зочилж, үзмэрүүдтэй танилцан, музейн “Хүндэт дэвтэр”-т талархсан сэтгэлийн үгээ бичиж, гарын үсгээ зурж үлдээлээ.