Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ойн хүрээнд зориулсан “Дипломат харилцааны ур ухаан” нэртэй түүхэн баримтат гэрэл зургийн үзэсгэлэн 2025 оны 8 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд дэлгэгдлээ. Уг үзэсгэлэнг “Шадар Түшээ Соёлын Элч” сангийн санаачлагаар “Коруна” Монгол-Чех Хэл, Соёлын төв нар хамтран зохион байгууллаа.
Энэхүү үзэсгэлэн нь хоёр орны харилцаа үүсэж хөгжсөн түүх болон уг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн төлөөлөл, Элчин сайд нар, ахмад дипломатууд, ЭСЯ-ны хамт олон болон бусад холбогдох эрхмүүдийн гавъяа зүтгэлийг ховор гэрэл зураг болон түүхэн баримтуудаар бүрдүүлэн харуулжээ.
Уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа “Шадар Түшээ Соёлын Элч”сангийн зорилго нь эх орондоо нэр төртэйгээр хөдөлмөрлөн зүтгэж явсан үе үеийн эрхмүүдийн алдар гавъяаг мөнхжүүлж улмаар хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх явдал юм. Үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч “Коруна” Монгол-Чех Хэл, Соёлын төв нь хоёр улсын хэл, соёл урлаг, зан заншилыг таниулан сурталчлах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Үзэсгэлэнд:
• Элчин сайд нар, ахмад дипломатууд, төлөөлөгч, эрхмүүдийн хувь нэмэр
• БНЧУ-д суух Монголын Элчин сайдын яамны түүхэн үйл ажиллагаа
• Хоёр орны харилцаанд 75 жилийн туршид чухал үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн 75 түүхэн гэрэл зураг, анхны эх баримтууд багтжээ.