“ДҮНШИГИЙН ЧУУЛГАН” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтарсан “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэнг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд хүргэх гэж байна.
Үзэсгэлэнд Их хүрээний Тойсүмлингийн аймгийн Лувсандорж, Зоогойн аймгийн Хасгомбо нарын хар зургаар Их хүрээний Сангайн аймгийн үйлчид XX зууны эхэн үед өөрсдийн сайн дурын хөрөнгөөр бүтээсэн 13 метр урттай 4 хэсэг нийт 44 метр урттай сүрлэг зээгт наамлуудыг дэглэн үзүүлэх болно.
“Дүншигийн 35 бурхан” торгон зургийн бүтээлүүд нь Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганд байсан гэдэг аман хууч яриа байдаг. Энэхүү дөрвөн хэсгийн 1280х270см хэмжээтэй нэг нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд 1377х220см, 1360х220см, 515х200см хэмжээтэй гурван хэсэг нь хадгалагдаж байна.
Ийнхүү 1938 оноос хойш 85 жилийн дараа энэхүү “Дүншигийн 35 бурхан” торгон зургийг нэгэн дор “Дүншигийн чуулган” үзэсгэлэнгээр дамжуулан олны хүртээл болгож байна.
Дүншигийн 35 бурхны агуулга нь Бурхан багш тэргүүтэй 35 бурхны өмнө бие, хэл, сэтгэлийн үүднээс хийсэн нүгэл хилэнцийг дурдан наманчилж, бурхны хутгийг олохыг даатгадаг ажээ.
Үзэсгэлэнгийн нээлт: 2023.11.28-ны өдөр 11.40 цагт болно.
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2023.11.28-2023.12.10 тасалбар: 5000₮
Даваа – Баасан гаригт 09.00 – 16:30 цаг хүртэл
Бямба, Ням гаригт 10.00 – 16:30 цагт хүртэл
Холбоо барих утасны дугаар: 11-323986