Зураач, уран бүтээл Нямхүүгийн Лхагвасүрэнгийн “Журааны ертөнц” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэн нь үндэсний уран бүтээлчдээ дэмжих зорилготой “Айлаас эрэхээр авдраа уудал” төслийн долоон жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд Монголын авьяаслаг уран бүтээлчдийг дэлхийд таниулж, гялалзуулах томоохон хүсэл эрмэлзэлтэй ажлын эхлэл юм.
Үзэсгэлэн нь Н.Лхагвасүрэнгийн баримлын чиглэлээр гаргаж буй анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд уран бүтээлч өөрийн 7 жилийн турш туурвисан 40 орчим шилдэг бүтээлээ дэлгэн толилуулж байна. Түүний бүтээлүүд нь хүрэл цутгуурын аргаар хийгдсэн ба тухайн дүрийнхээ оюун санаа, бие мах бодын болоод зан авирын онцлогийг маш нарийн гаргаж харуулсан уран нарийн хийцтэй ажээ. Эдгээр бүтээлүүдээс нүүдэлчдийн амьдралын хэв маяг, зан үйл, деталь хийцүүд хурц тод илрэх агаад тэр нь нэн эрт цагаас энэ хүртэл энэ төрлийн бүтээлүүдэд нийтэд нь үзэгдэж мэдрэгддэг нийтлэг чанар юм. Угшил эх үүсвэр, үүдэл гарвал нь нэг болохоор зугтах аргагүй биз. Гагцхүү харин Лхагвасүрэн л мэдэрч мэдэж хийж бүтээсэн хийц донж, анатомийн мэдлэг, уран уянгын болоод заримдаа хошин хөнгөн ч байж болох хэтрүүлэг донж, өөр хаана ч үзэх боломжгүй динамик хөдөлгөөн, хэлбэр хийц тэргүүтэн нь бол яах аргагүй түүний алганы хээ шиг үл давтагдах онцлог болоод ондоошил нь билээ.
Тус үзэсгэлэн 2025 оны 6 дугаар сарын 27-оос 7 дугаар сарын 4-ны өдрүүдэд үргэлжилнэ. Эрхэм үзэгч та бүхнийг “ЖУРААНЫ ЕРТӨНЦ” үзэсгэлэнд хүрэлцэн ирж, Монгол уран бүтээлийн гайхамшгийг нүдээр үзэж, оюун санаагаа баясган, мэлмийгээ мялаахыг урьж байна.