“МОНГОЛ ШААЗАН 70 ЖИЛ” үзэсгэлэн
2025-12-22

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан Хорлоогийн Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн 2025 оны 11 дүгээр сарын 19-30-ны өдрүүдэд дэлгэгдэж үзэгч олны хүртээл боллоо. Уг үзэсгэлэн нь гурван үндсэн хэсгээс бүрдэх ба дэлхийн шаазангийн марк, ил захидал, дугтуй, Монголын шаазан ваарын үйлдвэрийн ажилчид болон бүтээгдэхүүний түүхэн гэрэл зургууд, мөн эрт эдүгээгийн шаазан бүтээлүүд бүхий 500 орчим содон үзмэр дэглэгдсэн байв.

Х.Батпүрэвийн аав Цээрэгзэнгийн Хорлоо нь ухамсарт амьдралынхаа 40-өөд жилийг Монголын шаазан ваарын үйлдвэрт зориулжээ. Мөн Хорлоогийн Батпүрэв ч зуныхаа амралтаараа тус үйлдвэрт ажиллаж, багаасаа шаазан, ваар сонирхогч нэгэн болжээ. Дашрамд дурдахад Х.Батпүрэв нь фейсбүүк дэх “Монголын шаазан эдлэл  цуглуулагчид, сонирхогчид”-ын хуудсыг хөтөлдөг бөгөөд 12300 дагагчтай болжээ.

Түүний энэхүү үзэсгэлэнд өдгөө цагийнхны нүдийг  хужирлахуйц олон олон бүтээл тавигдсанаас тоймлон дурдахад 1991 онд Монголын шаазан ваарын үйлдвэрт бүтээгдсэн онцгой захиалга болох, тухайн үеийн ханшаар 1500 төгрөгийн үнэтэй Чингис хааны хөрөгтэй ваар, тус үйлдвэрийн анхны мэргэжилтэн хятадуудын гараараа зурж хийж байсан элдэв бүтээлүүд гэхчлэн Шаазан ваарын үйлдвэрийн бүхий л цаг үеийн бүтээгдэхүүний онцлог дээжүүдээс түүвэрлэн дэлгэж шаазан урлал сонирхогчдын нүдийг баясгалаа.

# Сэдвүүд
Uncategorized