“НЭГЭН ДЭЭВЭР ДОР” үзэсгэлэн
2025-06-15
ССАЖЗ-ын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй “Art week Ulaanbaatar 2025″ арга хэмжээний хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь “НЭГЭН ДЭЭВЭР ДОР” үзэсгэлэнг 2025 оны 5 дугаар сарын 29 – өөс 6 дугаар сарын  4-ны өдрийг хүртэл зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн захирал Урлаг судлалын ухааны доктор (Ph.D) П.Байгалмаа, ГХОНХХэлтсийн дарга, зураач Ц.Баттуяа, Сэргээн засварлагч, зураач Р.Чинзориг, Тайлбарлагч, дизайнер, зураач Н.Хулан,  бичиг хэрэг, архивын эрхлэгч Б.Бат-Эрдэнэ нарын нийт 50 гаруй бүтээл дэглэгдэн нийтийн хүртээл боллоо. Мөн тус музейн ажилчид  боловсролын хөтөлбөрийн хүрээнд зурсан зургаа толилууллаа.
Музейн захирал, урлаг судлалын ухааны доктор П.Байгалмаа өөрийн бүтээлүүддээ хадны сүг зураг, ялангуяа бугын дүрслэлийг тодотгон дүрсэлдэг ба энэ удаагийн үзэсгэлэнд тэрбээр 5 бүтээлээрээ оролцлоо.
Сэргээн засварлагч, зураач Р.Чинзориг энэ үзэсгэлэнд 20 гаруй бүтээлээрээ оролцсон бөгөөд тэрбээр монгол зургийн чиглэлээр төгссөн учраас монгол зургийг гол болгожээ. Мөн хадны зураг, монгол зураг, эсгий чихмэл гэх мэтийн  урлагийн төрөл бүтээлд нь багтсан байна.
ГХОНХХэлтсийн дарга, зураач Ц.Баттуяа үзэсгэлэнд 19 бүтээлээр оролцож байна. Эдгээр бүтээлээс онцлох бүтээл нь “Ээж мод” бүтээл юм. Эл бүтээлээ 2014 онд бүтээж дэлхий дээр байгаа эх бүр өөрсдийн гэсэн үр удамтай, тэр нь цаашаа өсөж үржээд дэлгэрч үр хүүхэд, удам нь өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй байгаагаар зохиомжилж монгол зургийн аргаар зуржээ. Уран бүтээлч Ц.Баттуяа ихэвчлэн мод сэдвийн дор уран бүтээлээ туурвидаг.
Дизайнер тайлбарлагч Н.Хулан график арт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг ба өөрийн бүтээсэн хоёр дижитал бүтээл болон контемпорари арт чиглэлээр хийсэн нэг бүтээлээ энэ удаад танилцууллаа.
Мөн тус музейн бичиг хэрэг, архивын эрхлэгч Б.Бат-Эрдэнийн уран хайчилбарын аргаар урласан Чингэс хааны хөрөг болон … бүтээлүүд нь энэхүү үзэсгэлэнгийн бас нэг онцгой чимэг байв.
# Сэдвүүд
Uncategorized