Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн 2025 оны 09 дүгээр сарын 5-14-ны өдрүүдэд дэлгэгдэж үзэгчдийн хүртээл боллоо. Уран бүтээлч Ганбатын Логийраз нь сүүлийн гуч гаруй жилийн турш баримал болон гурван хэмжээст баримал, дижитал,орчин үеийн урлагийн чиглэлээр Монгол, Норвеги, Швед улсад суралцаж багшилж, олон улсад үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлсээр байна. Өнгөрсөн арав гаран жил хийсэн бүтээлүүд нь уламжлалт баримал, шүтээн зургийг дижитал технологи бүхий гурван хэмжээст арга барилаар бүтээгджээ.
Түүний “Манал” (1997 он)-бүтээлээс хойш туурвисан шавар баримлаас эхлээд өнөөг хүртэл 3d техник хэрэглэн бүтээсэн “Буддагийн толгой” (2025) хүртэлх бүтээлч аяллын түүхийг энэ үзэсгэлэнгээр дамжуулан хүргэж байна. Г.Логийраз нь уран барималч мэргэжлээр 1992-1996 онд “Ногоон морь” орчин үеийн урлагийн сургуульд суралцсан бөгөөд түүний уран бүтээлийн намтар баялаг бөгөөд сонирхолтой!
Түүний буддын урлагтай холбогдсон нэгэн түүхийг энд толлиллуулваас: Тэр бээр өнө эртний уламжлалтай буддын урлагийг ойлгож суралцахын тулд 1997 онд Бакула ринбүчигийн “Бэтүб” хийдэд шавилан сууж бурханы сургаал, гүн ухааны чиглэлээр суралцаж байв. Улмаар уламжлалт бурханы баримал бүтээх явц, тиг хэмжээний онол түүнийг хэрхэн бүтээхэд бие даан суралцаж хожим 2011 онд Непал улсад очиж орчин үеийн танка буюу бурхан зургийн этгээд хосолмолыг бүтээсэн түүхтэй.
Анх урлагийн сургуульд суралцсанаас хойш буддын урлагийг модерн агуулгатай хослуулах нь түүний эхний зорилт байлаа. Энэхүү үзэсгэлэндээ ч бас тэр зорилго тэмүүлэлдээ хөтлөгдөн бүтээсэн өөрөө өөрөөсөө дахин дахин суралцсан бүтээлүүдээ дэлгэжээ. Энэ сэдвээр тэр бээр бүх төрлийн материал, холимог аргуудыг туршиц болгон хэрэглэж ирсэн ба 2008 онд “Шведийн Рояль” академид суралцаж, багшлах үед нь түүний зорилго нь биеллээ олжээ.
Зөвхөн шавар, цаасан шуумлын төрлөөр ажиллах нь хангалттай биш байлаа. Харин ирээдүйд хэрхэн ажиллаж урлагийн бүтээл туурвих талаар эргэцүүлэл нь түүний гурван хэмжээст 3D баримал, хиймэл оюун ухааны хамтын туршлагуудыг эхлүүлжээ.
“Шавраас Дижитал хүртэл” үзэсгэлэнд уран бүтээлчийн бүтээлийн замналын гурван цаг үеийг төлөөлсөн бүтээлүүд дэлгэгдэж байна. Эхэн үе буюу 1990 оны сүүл үед Майдар бурханы уналга болох Ногоон морины толгой, Манал бурхны шавар баримал бүтээлүүд нь цаашид 3D бүтээл болжээ. 2004 оноос хойш европын урлагийн сургууль, холбоонд байх үедээ эдгээр бүтээлүүдээ олон янз байдлаар хийж бүтээж байжээ.