“ШҮТЭЭН ТОРГОН ЗУРАГ” үзэсгэлэн
2025-12-09

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн Үндэсний уламжлалт урлаг Торгон зураг /Зээгт наамал/, Бурхан зураг, Монгол зургийг дэлгэрүүлэх, сэргээн хөгжүүлэх их үйлсэд зориулан гаргаж буй “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн 2025 оны 10 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд дэлгэгдэж үзэгч олны оюуны мэлмийг баясгалаа.

Үзэсгэлэнд МУУГЗ, Бурхан урлаач Д. Ухаанзаяагийн оюунаар бүтээгдсэн хүний сэтгэл зүрх, дотоод ертөнцийн тусгал, ур урлалын төгс илэрхийлэл болсон Хажид, Дэмчог, Цагаан, Ногоон Дарь эх, Янжинлхам тэргүүтэй дагинасууд, эд баялаг, эрхэт хүчний эзэн Очирваань, Гонгар, Замбала бурхад, эвтэй дөрвөн амьтан, үл зохилдохуйн зүгийг ялахын тэмдэгт амьтад, элдэв үлгэр, домгийн рид хувилгаан амьтдыг дүрсэлсэн торгон зургаар урласан бүрэн хэмжээний бурхад болон танка зураг, Монгол зургийн бүтээлүүд дэлгэгдлээ. Эдгээр дахин давтагдашгүй онцлог бүтээлүүдээр дамжуулан торгон зураг, Монгол зургийн гайхамшгийг олон нийтэд таниулах, тэдгээрийн уламжлалт арга ухааныг хойч үедээ түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн лекц, ном соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж буддын уламжлалт урлахуй ухааны нарийн өв соёлыг мэдрүүлсэн онцгой үзэсгэлэн болж өндөрлөлөө.

# Сэдвүүд
Мэдээ