“ӨВ ӨЛГИЙ – 3000” үзэсгэлэн
2025-12-30

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей нь МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Улаан чулуут уулын дурсгалт газарт 2025 оны 06-р сараас 07-р сарын хооронд хамтарсан судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэсэн билээ.

Улаан чулуут уулын дурсгалт газар нь Хүннү, Сяньби, Хүннүгийн өвөг дээдэс хэмээн үздэг Дөрвөлжин булшны соёлын залгамж холбоог харуулсан Монголын эртний түүхэнд залгаж гарсан гурван үеийн төлөөлөл түүхэн дурсгалууд хамт нэг талбайд байдгаараа нэн чухал ач холбогдолтой түүхэн дурсгалт газар ажээ. Бид хамтын ажиллагааны хүрээнд эртний Монголчуудын угсаа гарвалийг түүхэн баримтаар тодруулахын төлөө боломжоороо хамтарч ажиллах, цаашлаад Монголын түүхэнд Хүннү нарын өвөг Дөрвөлжин булшны соёлыг үлдээгчид мөн эсэхийг тодруулах, тэдний үлдээсэн дурсгалыг Улаан чулуут уулын дурсгалт газар малтан судлахаас гадна Дөрвөлжин булшны соёлын хүрээнд тухайн соёлын дүрслэх урлаг, урлаг соёлын асуудлыг судлах, тодруулах, нягтлах зорилгоор Улаанбаатар хотын Их тэнгэрийн ам, Гачууртын амны хадны зосон зургууд дээр ажилласан.

Дөрвөлжин булшны соёлыг үлдээгч нь дан ганц дөрвөлжин хэлбэртэй оршуулгын дурсгалыг өөрсдийн зан үйлээр гүйцэтгэхээс гадна тэд маш өргөн утга агуулгатай нэгдсэн урлаг соёлын дурсгалыг тухайн булшны хашлага чулуу, булангийн босоо чулуу, булшны зүүн талд 15-30 м зайтай босгодог хөшөө чулуу, хүн чулуу болон хүн чулууны хажууд тусгайлан зассан хавтан чулуун дээр уран нарийн, гүн утга агуулгатайгаар урлан сийлж үлдээсэн байдаг ажээ. Мөн эдгээр урлагийн бүтээлээ булшныхаа хана, хашлага, хүн чулуу болон түүний хажууд тусгайлан зассан чулуун дээр сийлж үлдээхээс гадна тухайн булшны ойр орчмын хад чулуун дээр улаан зос болон байгалийн толигор хаданд сийлж үлдээсэн нь Хүннүгийн өвөг дээдэс болох Дөрвөлжин булшийг үлдээгч ард түмэн нэгдмэл урлаг соёлын нийтлэгийг үлдээж хоцроосныг харж болно. Тиймээс бид хамтын ажиллагааны хүрээнд дээрх судалгааны үр дүнг багтаасан “Өв, Өлгий” тусгай үзэсгэлэнг 2025 оны 12 сарын 10-аас 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус Үзэсгэлэнд Дөрвөлжин булшны соёлын ерөнхий ойлголт, түүнийг манай орон хийгээд олон улсад хэрхэн судлан шинжилж ирсэн, тухайн дурсгалын бүрэлдэхүүнд ямар онцлог дурсгалууд багтаж байдаг, тэдгээр дурсгалын онцлог болон хоорондын нийтлэг зүйлс хаана ямар зүйл дээр сийлэгдсэн, тэдгээрийн утга агуулгын уялдаа холбоог хэрхэн харуулах, манай орны археологичдоос ямар судлаачид Хүннүгийн өвөг дээдэс Дөрвөлжин булшны соёлынхон мөн гэж өөрсдийн бүтээлдээ хэрхэн тэмдэглэсэн болохыг олон нийтэд тодорхой түүхэн баримтаар харууллаа. Түүнчлэн дөрвөлжин булшны хадны зосон зургийн судалгааг Улаанбаатар хотын Гачууртын ам, Их тэнгэрийн ам хэмээх 2 түүхэн дурсгал дээр сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан 3000 жилийн тэртээ зурагдаад одоо бараг ихэнх хэсгүүд алга болсон зургуудыг олон программын тусламжтайгаар иж бүрнээр харуулсан олон сонирхолтой шинэ зүйлсийг олон нийтэд танилцуулав. Цаашлаад Монголын эртний түүх, тэр дундаа Хүннүгийн өвөг дээдэс Дөрвөлжин булшийг үлдээгч ард түмэн ямар гайхалтай нэгдмэл нэг соёлтой, тэрхүү нэгдмэл соёл ямар өргөн уудам нутагт түгэн дэлгэрч байсныг харуулахад энэ үзэсгэлэнгийн зорилго оршлоо.

 

# Сэдвүүд
Мэдээ