2DAY IN MONGOLIA: МОНГОЛ-ГЕРМАН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН
2024-09-11
Монгол болон ХБНГУ-ын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Зэйгэнев болон “Хөх Нар” Монголын Орчин Үеийн Урлагийн Төвийн хамтарсан “2day in Mongolia” үзэсгэлэнг 2024 оны 8 дугаар сарын 14-28- ны өдрүүдэд дэлгэн үзүүллээ.
Энэхүү үзэсгэлэн нь хоёр орны уран бүтээлчид нүүдэлчин ахуй, соёлыг өөрийн нүдээр тусган буулгасаны үр дүн боллоо. Үзэгчид энэхүү үзэсгэлэнгээс баруунд ноёлох Франз Аккерманы нүүдэллэн бүтээх аргачлал, Надин Реннертийн бөө мөргөлийн эрчимд татагдсан аяс, мөнхүү эрчмийг биеэр дамжуулагч Дашдогдогийн Бадам, тэнгринизмтэй холбогдох Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг, монгол зургийн төлөөлөгч Болдын Номин болон Чингис хааны үеийн үед үлдээсэн өв соёлд дөрөөлсөн Ганболдын Гэрэлхүү нарын бүтээлтэй танилцлаа. Үүнээс гадна, эмэгтэй уран бүтээлчдийн төлөөлөгч болох Эрдэнэбилэгийн Энхзаяа, Хайке Барановский нарын бүтээлийг үзэж, ертөнц хоорондын мессенжэр, Хөх Нарыг үүсгэн байгуулагч Ёндонжамцын Далх-Очирын бүтээлийг хүлээн авсан билээ.
Бавари болон Монголын уран бүтээлчид харилцан бие биенээсээ суралцах зүйлтэйг мэдэрч, хамтран ажилласан бүтээлч өдрүүд өнгөрлөө. Энэ удаагийн үзэсгэлэн нь алдарт В.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлээс үүдсэн оролцогч уран бүтээлчдийн сэтгэгдэлийн илрэл болж байна.
Үзэсгэлэнд ХБНГУ-ын алдарт уран бүтээлч А.Р.Пенкийн бүтээлүүд Монголын дүрслэх урлагийн баялаг дүрслэлд нэмэлт болон үзэгчдийн хүртээл боллоо.
# Сэдвүүд
Uncategorized