Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “АРХЕОЛОГИЙН ОЛДВОРТ НУУГДСАН УРЛАГ” үзэсгэлэн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нээлтээ хийж 5 дугаар сарын 20-ныг дуустал 12 хоног үзэгч олондоо толилуулагдаж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн “Олон улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Тус үзэсгэлэнд Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон чулуун зэвсгийн үеэс эртний төрт улсуудын түүхэн цаг үеийг хамарсан, нүүдэлчдийн амьдрал ахуй, урлаг, соёл, шүтлэг бишрэлийг илэрхийлсэн дахин давтагдашгүй ур хийц, дүрслэлийг шингээсэн 100 орчим археологийн олдворыг дэлгэн үзүүлж байгаа юм.
Тухайлбал: Монголын эртний нүүдэлчдийн угсаа гарал, соёл, түүх, урлаг, гоо зүй, шүтлэг бишрэлийн хосгүй үнэт өв Буган чулуун хөшөөний хэв хуулбарууд, Дорнод аймгийн Булган сумын Норовлин уулын Неолитын үеийн булшнаас гарсан хүний нүүрний хэлбэр бүхий чулуун онго, Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн үеийн нэхмэл болоод гар урлалын урлагийг тод томруунаар харуулсан нэхмэл эдлэл, мөнгөн хөөмөл чимэглэлүүд, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутгаас илэрсэн эртний чулуун онго зэрэг сонирхол татахуйц олдворууд багтаж байна.
Эртний нүүдэлчдийн гоо зүйн сэтгэлгээ, урлахуйн ухаан, мэдрэмж, шүтлэг бишрэлийн илэрхийлэл археологийн олдворуудад хэрхэн нуугдан хадгалагдаж, хөгжин уламжлагдаж ирснийг энэхүү үзэсгэлэнгээс харах болно.
Үзэгч та бүхнийг энэхүү үзэсгэлэнгээр зочлон Шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн Монголын эзэнт гүрэн хүртэлх түүхэн цаг хугацаагаар аялж, өвөг дээдсийнхээ бүтээсэн урлагийн ертөнцтэй танилцахыг урьж байна.