Бидний тухай
2022-09-12
  • Танилцуулга

    БИДНИЙ ТУХАЙ

    Аль ч улс үндэстэн өөрийн түүх, соёл уламжлал, ёс заншил, авъяас ур ухааныг илэрхийлсэн гайхамшигт өв дурсгалуудыг туурвин үлдээдэг. Нэгэн цагт дэлхийн хэмжээний хүчирхэг төр улсыг байгуулж, дорно өрнийг холбосон шинэ соёл иргэшлийг бий болгосон Монголын ард түмэн балар эртнээс орчин цаг хүртэлх урт удаан хугацаанд дүрслэх урлагийн бүхий л төрлөөр давтагдашгүй уран сэтгэмж, өвөрмөц содон билэгдэл дүрслэл бүхий арвин дурсгалуудыг цогцлоон үлдээсэн билээ.

    Нүүдэлчин амьдралын өвөрмөц онцлог, харь гүрнүүдийн халдлага дайралт,байгалийн гамшиг, соёлын өвийн хулгай дээрэм зэргээс болж, үе үеийн урчууд, авьяастан билэгтнүүдийн бүтээсэн олон үнэт дурсгал, алдагдсан, үрэгдсэн, устаж үгүй болсон хэдий ч, хойч үеийн үр сад болон дэлхийн олон үндэстнүүдийн өмнө дэлгэн үзүүлэхэд чамлахааргүй арвин их өв дурсгал, бидний үед хадгалагдан үлджээ. Тэр бүхний дээж, сор нь болсон үнэт ховор үзмэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бөгөөд үзмэрийн танхимд дэлгэн тавьснаасаа хэд дахин олон тооны ховор нандин бүтээл манай сан хөмрөгт хадгалагдаж байгааг дурдахад таатай байдаг.

    Тус музейг үүсгэн зохион байгуулах ажил 1965 оноос эхлэж, 1966 оны 7-р сарын 23-ны өдөр анхны үзэгчдээ угтан авч, үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Нүүдлийн соёл иргэншлийн олон мянган жилийн түүхэн дурсгалууд, монголын ард түмний үе үеийн урчуудын хосгүй үнэт бүтээлүүдийг дотоод, гадаадын үзэгчдэд дэлгэн харуулж сурталчилдаг манай музей анх 300 гаруй үзвэртэй үүд хаалгаа нээж байсан бол, өнөөдөр монголын дүрслэх урлаг, нүүдэлчдийн соёл иргэншлийг сурталчлах, судлах, хамгаалах чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болон бэхжсэн байна. 1989 онд тус орчин үеийн бүтээлийн хэсэг нь Уран зургийн галерей нэртэйгээр бие даан тусгаарлаж гарсан билээ. 1995 онд Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 360 жилийн ойгоор тус музейг, монголын шашин, төр, нийгмийн зүтгэлтэн,уран барималч, хэл шинжлэлтэн, соён гэгээрүүлэгч энэ их хүний нэрэмжит байгууллага болгосон юм.

    Эдүгээ манай музей өөрийн сан хөмрөг болон үзүүллэгтээ нэн эртний үеэс ( МЭӨ 40 000 –10 0000 жил ) 20-р зууны эхэн үеийг хамарсан 20000 шахам үзмэр цуглуулгатай бөгөөд он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжсөн 10 гаруй танхимд нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг дэлгэн үзүүлж байна. Одоогоор улсын хэмжээнд, түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 70 орчим нь манай музейд хадгалагдаж байдаг. МЭӨ 2000 жилийн үед хамаарах янгирын толгойн дүрст бариултай хүрэл цутгамал илд, буган чулуун хөшөө, хадны сүг зурагнаас эхлээд есөн эрдэнийн болон шороон будгаар өнгө хослуулан зурсан бурхадын хөрөг, торгон зээгт наамал зэрэг дахин давтагдашгүй бүтээл дурсгалыг манай танхимд үзэн сэтгэл баясах боломжтой. Ган төмөр болон үнэт ховор металыг ширээх, цувих, цоолборлох хөөх хэлбэх зэрэг монгол дархны урлах эрдмийн гайхамшгийг илтгэн харуулсан хэт хутга, гаанс сэтгүүр, эмээл хазаарын чимэглэл, домбо, завьяа, Ерэнтэй дарханы урласан ган сийлбэрт хэт хутга, мөнгөн цутгуур, сангийн бойпор зэрэг үе үеийн урчуудын үнэт ховор бүтээлүүд манай сан хөмрөгт бий.

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    Монголын дүрслэх урлагийн зуун зууны шилдэг зураач,урчуудын уран бүтээл туурвилын сор,дахин давтагдашгүй үзмэрүүдийг дотоод гадаадын үзэгчдэд дэлгэн толилуулж, судалгааны гүнзгий үндэслэлтэйгээр тайлбарлан танилцуулахын зэрэгцээ хадгалан хамгаалах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд эрхэлдэг,үндэсний соёл урлагийн эрхэмсэг байхад оршино.  

    ЗОРИЛТ

    • Үзүүллэг үйлчилгээний ажилд чанарын өөрчлөлт гаргах 
    • Музейн аж ахуй хангамж,техник төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах 
    • Материаллаг орчин, хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах 
    • Музейн сан хөмрөгийн хадгалалт, бүртгэл мэдээлэл сэргээн засварлалт 

    ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ

    Энд дарж үзнэ үү.

     

    ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

    Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей нь үндсэн чиглэл, үзэл баримтлалын хүрээнд соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжилж, нээн илрүүлэх, олж авах, үзмэрийг бүртгэл баримтжуулах, музейн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, үзүүллэг дэглэх, үйлчлэх, гадаад дотоодын үзэсгэлэн зохион байгуулах, боловсрол, танин мэдэхүйн ажил зохион байгуулах, сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлэх, түгээх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, үзмэрийг гадаад, дотоод үзэсгэлэнд оролцуулах, иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн соёлын дурсгалт зүйлийг түр хугацаагаар үзэсгэлэн, үзүүлэгт дэглэх ашиглах, музей хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.  

    ЧИГ ҮҮРЭГ 

    Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей нь Монголын дүрслэх урлагийн зуун зууны шилдэг зураач, урчуудын сор, дахин давтагдашгүй үзмэр цуглуулгыг дотоод, гадаадын үзэгчдэд дэлгэн толилуулж, эрдэм шинжилгээ судалгааны болон урлагийн гоо зүйн мэдлэг мэдээллээр хангах үүрэг бүхий нийгэмд чиглэсэн соёл, гэгээрэл, судалгаа, аялал-танин мэдэхгүй үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит соёл, шинжлэх ухааны байгууллага юм.

  • Бүтэц

  • Холбоо барих

    Duis sed odio sit amet nibh vulputate cursus sit amet mauris morbi accumsan ipsum velit auctor ornare odio.