Халхын Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадралын хувийн цуглуулгаар байгуулсан “Чингис, Монголын өв соёл” музейн сан хөмрөгөөс Өндөр Гэгээн Занабазарын оюун санааны өв болох судар ном, соёмбо үсгийн дурсгалууд, Жанлав Цогзол судрын хувилбарууд, хөрөг зургууд, эд зүйлс болон Бурханы шашны холбогдолтой дурсгалуудыг багтаасан мянга орчим биет үзмэрүүдийг соёлт үзэгч судлаачид, уран бүтээлчдэдээ зориулан 2025 оны 4 дүгээр сарын 11 – 21 – ний өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн толилууллаа.
Тус үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн дэмжлэгтэйгээр нийтэд танилцуулан судалгааны эргэлтэд оруулж цаашид ном болгон хэвлэх юм. Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүд нь Бурхан шашны урлахуй ухааны олон төрөл зүйлийг хамаарахын зэрэгцээ урьд өмнө анзааралгүй орхигдсон, хэвлэлд нийтлэгдэж байгаагүй дурсгалуудаас бүрдсэн билээ.
Монголчууд Өндөр Гэгээнийхээ оюун санааны өв, биет дурсгалыг улсын музейнүүдэд хадгалагдаж байгаа алт шармал, хүрэл цутгуур бурхад, хэдэн жилийн өмнөөс нээсэн Сарьдагийн хийдийн шавар бурхдаар хязгаарлан ойлгож ирсэн байдаг. Өндөр Гэгээн нь монгол үндэстний Бурханы шашны тэргүүн, мөн дараа төрлүүдийн анхдагч тул асар их өв үлдээж, өвлүүлэн уламжлуулж, хөгжин цэцэглүүлэх урлахуй ухаан, судар номын дэг суурийг тавьсан алдарт хүмүүсийн нэг билээ.
Тиймээс энэхүү үзэсгэлэн нь түүний түүхэн гавьяаг таниулахад энэ мэт хувийн цуглуулагчдын гар дээр хадгалагдаж байгаа өв дурсгалуудад ач холбогдол өгч олон нийтэд танилцуулж, судалгааны эргэлтэд оруулах нь цаг үеийн шаардлагаас урган гарч байгааг онцлон тэмдэглэж байна.
Энэ өдрүүдэд цуглуулагч нь үзэгч, судлаачидтай Өндөр Гэгээний өвийн талаар яриа өрнүүлэн бэхэн зургаа зурж, үзмэрүүдээсээ тайлбарлах юм.