Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд залуу уран бүтээлч Г.Бямбацэрэн, Г.Ганчимэг, М.Заяа нарын хамтарсан “OVERTHINK” үзэсгэлэн 2025 оны 4 дүгээр сарын 01-09-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү үзэсгэлэн нь УРАН ЗУРАГ, ХҮҮХЭЛДЭЙН УРЛАГ, ДИЖИТАЛ АРТ гэсэн дүрслэх урлагийн гурван өөр арга ажиллагаанаас бүтэж байгаагаараа онцлогтой юм.
Уран бүтээлч хүн өөрийн бодлын чанадад төсөөллийн хүчээр, хязгааргүй эрх чөлөөтэйгөөр аялан уран бүтээлээ туурвидаг. Эдгээр уран бүтээлчдийн өөр өөрсдийн ертөнцийн дотоод мэдрэмжийг байгальд орших нууцлаг гоо үзэсгэлэн болон хүн байгалийн харилцаа холбоо хэлбэрээр уран яруугаар дүрсэлсэн зургууд болон донжтой чамин хийц бүхий хүүхэлдэйн урлалаар дамжуулсан уран бүтээлүүд уг үзэсгэлэнд дэлгэжээ.
Эдгээр гурван уран бүтээлчийн ертөнцөөр үзэгч та аялан өөрийн дотоод мэдрэмж, оюун санаагаа хөглөн дүрслэх урлагийн ертөнцийг мэдрээрэй. Үзэсгэлэнгийн үйл ажиллагааны хугацаанд хөрөг, таталбар зургийн эвентүүд болон зургийн сургалтууд тус тус зохион байгуулагдана.