“АМЬДРАЛЫН ӨНГӨ” үзэсгэлэн
2026-09-08

Монголын зураасан зургийн урлагийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Дашцэрэнгийн Гунгаагийн “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэн 2026 оны 9 дүгээр сарын 2-8-ний өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдлээ.

Тэрээр 1978 онд Болгар улсын Софи хотын Дүрслэх урлагийн академийг төгсөж, уран бүтээлийнхээ үндсэн чиглэлээр зураасан зураг, тэр дундаа төмөр бар, хуурай зүүний техникээр мэргэшин ажиллаж, графикийн уран сайхны хэл найруулгыг өөрийн бүтээлч эрэл хайгуултай хослуулан хөгжүүлж ирсэн Монголын график урлагийн хөгжилд өөрийн тодорхой байр суурийг эзэлсэн уран бүтээлч юм.

“Амьдралын өнгө” үзэсгэлэнд уран бүтээлчийн олон жилийн уран бүтээлийн замналыг төлөөлөх график, усан будаг, хөрөг, байгаль, монгол ахуй, түүх соёлын сэдэвт бүтээлүүд дэлгэгджээ. Түүний бүтээлүүдэд хүн ба байгаль, дурсамж ба цаг хугацаа, түүх ба өнөөдөр гэсэн олон давхар утга дүрслэлийн хэлээр илэрдэг. Түүний график бүтээлүүдийн шугам, хар цагааны зохицол, гэрэл сүүдрийн нарийн шийдэл нь дүрийн дотоод мөн чанарыг тодруулах бол усан будгийн бүтээлүүдэд өнгө, гэрэл, орон зай, байгалийн уур амьсгалыг илүү чөлөөтэй, уян зөөлөн байдлаар илэрхийлдэг.

Д.Гунгаагийн уран бүтээлийн цар хүрээ зөвхөн галерей, музейн танхимаар хязгаарлагдсангүй. Тэрээр Монголын шуудангийн маркийн эх зураг бүтээжээ. График зургийн шугам, дүрслэлийн нарийн шийдлийг марк зэрэг жижиг хэмжээний дүрслэлд ашигласан нь түүний уран бүтээлийн олон талт байдлыг харуулна.

Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт түүний бүтээлүүд хадгалагддаг. Мөн Болгар, ХБНГУ, ОХУ, Чехословак, Югослав, Итали, Норвег, Япон, Куба, Польш, Финлянд, БНСУ, Хятад, Франц, Англи, Нидерланд зэрэг оронд зохион байгуулагдсан олон улсын график, номын зургийн үзэсгэлэнд бүтээлүүд нь танилцуулагдаж байжээ.

Д.Гунгаа Улаанбаатар, Москва, Кызыл, Парис, Милан, Манжуур, Амстердам, Бээжин зэрэг хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Бүтээлүүд нь олон улсын цуглуулга, урлагийн сан хөмрөгт хадгалагддаг бөгөөд тэрээр Монголын график урлагийг олон улсын түвшинд таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсан.

Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ Дүрслэх урлагийн академи, Боловсролын их сургуульд багшилж олон шавь уран бүтээлчийг төрүүлсэн нь Монголын график урлагийн уламжлал, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дараагийн үед өвлүүлэн уламжлуулахад чухал хувь нэмэр оруулсан юм.

“Амьдралын өнгө” үзэсгэлэнгээр дамжуулан үзэгчид Д.Гунгаагийн олон жилийн уран бүтээлийн замнал, график урлагийн арга техник, байгаль болон хүний дүрийг өөрийн уран сайхны хэлээр тайлбарласан бүтээлүүдтэй танилцах боломжтой. Энэ удаагийн үзэсгэлэн нь зөвхөн нэг техник, нэг сэдвээр хязгаарлагдахгүй бөгөөд графикийн нягт нямбай хэл, усан будгийн өнгөний уян хатан чанар, хөрөг зургийн хүний мөн чанарыг эрэлхийлсэн дүрслэл зэрэг уран бүтээлчийн олон талт уран сайхны эрэл хайгуулыг нэг дор харуулах онцлогтой юм.

# Сэдвүүд
Мэдээ