“ТЭНГЭРИЙН ХЭЛ” үзэсгэлэн
2026-04-09

ҮГ ХҮРЭХГҮЙ ОРОН ЗАЙД

ТЭНГЭРИЙН ХЭЛ ЭХЭЛДЭГ

 Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, “Монгол зураг” нийгэмлэгийн гишүүн, “Шинэ өглөө” нэгдлийн тэргүүн Н.Ринчин-Очирын “Тэнгэрийн хэл” бие даасан үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2026 оны 04 сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэхүү үзэсгэлэнд монгол зургийн уламжлалт арга, хэлбэрийг орчин үеийн хэллэгт хөрвүүлж, хүн ба байгалийн салшгүй холбоог дүрслэлийн хэлээр хүүрнэсэн 30 гаруй бүтээлүүд дэлгэгдлээ. Түүний бүтээлүүдийг дараах гурван агуулгад хувааж болно.

Хөдөлгөөн ба орон зай: Хөдөлгөөний эрчим, орон зайг харуулсан бүтээлүүд багтана. Морьдыг салхи, үүл мэтээр дүрсэлсэн нь үзэсгэлэнгийн хамгийн хүчтэй, динамик хэмнэлийг илэрхийлнэ.

Үл үзэгдэх оршихуй: Илүү дотогшоо чиглэсэн, сүнслэг ертөнцийн тухай өгүүлнэ. Байгалийн шороон будгийн арга ажиллагаа нь нүдэнд үл үзэгдэх, зөвхөн мэдрэмжээр хүрч болох нууцын тухай өгүүлнэ.

Домог ба түүхэн хэлхээ: Уламжлалт монгол зургийн элементүүд орчин үеийн хэлбэрт шилжиж буй бүтээлүүд багтана. Хүн, амьтан, байгалийн нэгдэл, ахуйн гүн ухааныг домгийн хэлээр хүүрнэнэ.

Тэнгэр бол хүн төрөлхтний дотоод ухамсар, оршихуйн гүнээс урган гардаг чимээгүй орон зай юм. Хүн бүрийн дотор өөрийн гэсэн “тэнгэр” орших бөгөөд тэр тэнгэртэйгээ хүн үг хэлнээс ангид мэдрэмж, зөн совин, дотоод ертөнцөөрөө холбогддог. Өнөөдрийн хэт хурдтай, технологижсон ертөнцөд улс үндэстэн бүр өөрийн соёлын үндэс, дотоод үнэт зүйлс рүүгээ эргэн харах шаардлагатай болжээ. Монголчуудын хувьд, энэ нь эртний уламжлал, байгальтайгаа харилцах ухаан, тэнгэрээ дээдлэх үзэлтэй салшгүй холбоотой юм.

Түүний бүтээл бүр нь тэнгэр, газрын дундах оршихуйн нууцыг бэлгэдлээр дамжуулан тайлахын сацуу, үзэгчийг өөрийн дотоод ертөнц рүүгээ өнгийж, амар амгаланг эрэн хайх орон зайд аялах боломжийг олголоо.

“Тэнгэрийн хэл бол зүрхний хэл юм.

Тэнд үг үгүйдэж, зөвхөн мэдрэмж л үнэн байдаг.

 

# Сэдвүүд
Мэдээ