“Уламжлалт болон орчин үеийн танка зургийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт” сургалт болж өндөрлөлөө
2026-07-04
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей олон улсын “Treasure Caretaking Training” ТББ – тай хамтарсан төслийн хүрээнд буддын урлаг, өв соёлыг хадгалан хамгаалагч музейн ажилтан, сэргээн засварлагч, лам хувраг, шашны байгууллагын ажилтан, зураачид, оюутан залуучууд зэрэг салбар бүрийн нас насны хүмүүст зориулсан “Уламжлалт болон Орчин үеийн Танка зургийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт” сургалтыг Завхан аймаг болон Улаанбаатар хотод тус тус амжилттайгаар зохион байгуулж, сертифекатаа гардууллаа.
Энэхүү сургалт Завхан аймаг, Улаанбаатар хотод тус тус зохион байгуулагдсан бөгөөд сургалтад Завхан, Увс, Ховд аймгуудын музей, сумдын музей, угсаатны зүйн танхим, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Улаанбаатар хотын музей, СӨҮТ, Гандантэгчэнлин хийд, Зүүн хүрээ Дашчойлин хийд, МБШИС, МУИС, СУИС, Цаглашгүй гэрэлт ТББ, Монголын угсаатны зүйн музей зэрэг байгууллагуудын албан хаагчид, оюутнууд болон урлаг судлаач, бурхан урлаач, зураач уран бүтээлчид зэрэг 80 гаруй хүмүүс хамрагдлаа.
Энэхүү хоёр удаагийн сургалтанд танхимаар онолын мэдлэг олгохоос гадна сүм хийд, музейн бодит орчинд орж практик дадлагыг сонирхолтой хэлбэрээр явуулснаараа үр дүн өндөртэй сургалт боллоо хэмээн оролцогчид маань дүгнэлээ. Сургалтад хамрагдсан хөдөө орон нутгийн оролцогчдод уг төслийн зүгээс орчны чийг дулаан хэмжигч бичил төхөөрөмж, flash гэрэл, өнгөний карт зэрэг танка зургийн нөхцөл байдлыг тодорхойлоход шаардлагатай зарим хэрэгслийг бэлгэллээ.
Сургалтад хамрагдагчид маань энэ хугацаанд сурч, мэдсэн мэдлэгээ түгээн дэлгэрүүлж, өөрийн байгууллага, нутаг орныхоо үнэт өв, соёлыг хамгаалах ажилдаа бодитоор хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэж байна.
# Сэдвүүд
Мэдээ