Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 2026 оны 7 сарын 23-аас 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд дэлгэгдлээ.
МУЭ-ийн гишүүн, Монгол зургийн зураач Ш.Баатар 1992 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо гаргаж байсан бол 1997, 1998, 2019 онуудад Голланд, Франц, Солонгос улсуудад мөн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв. Тэрээр монголын зураачдын болон хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд олон арван удаа оролцож байгаа авьяаслаг хөдөлмөрч уран бүтээлч бөгөөд түүний бүтээлүүд Сан Франсиско хотын Азийн урлагийн музей болон дотоод гадаадын уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Тэрээр уран бүтээлдээ өвөг дээдсээс үлдээсэн эх орон, унаган байгалиа хайрлах сэтгэлээ гүн шингээсэн байдаг.
МУЭ-ийн гишүүн, зураач Б.Шатарсайхан уран бүтээлийнхээ замналыг 1993 оноос модон барын цуврал ажлуудаар эхэлж байсан бол орчин үеийн хэллэгтэй чимэглэлийн аястай уран бүтээлүүдээы 2008 онд бие даасан үзэсгэлэндээ дэлгэж байв. 1994 оноос эх орондоо болон гадаадад гарсан монголын зураачдын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, Солонгос, БНХАУ, Тайланд зэрэг орнуудад “Art work shop” үйл ажиллагаануудад хамрагдаж байв. Тэрээр уран бүтээлүүддээ амьдралын гэрэл гэгээ, баяр бахдалыг баясгалант өнгөөр илэрхийлдэг. “Найртай сайхан” үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн тус тусын бүтээлүүдээс гадна хонины ноосоор хамтран урласан эсгий зургууд багтаж байгаа бөгөөд нийт 60 гаруй уран бүтээл дэлгэгдлээ. Хоёр зураач маань Монгол орны найртай сайхан зунаар гадаад дотоодын олон үзэгчдэдээ “Найртай сайхан” үзэсгэлэнгээрээ дамжуулж эх нутаг, унаган байгаль, өв соёлоо хайрлан хамгаалах, гэр бүлийн хайр, амар амгаланг мэдрүүлэхийг зорьжээ.
