Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан Монголын хадны зураг дахь морины дүрслэлийг онцлон толилуулж буй “Туурайн цуурай” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 6 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяртай хамтран зохион байгуулж, үзэгч олондоо толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнд найруулагч, судлаач Б.Баярын олж цуглуулсан 500 орчим адуутай холбоотой хадны зургаас 50 гаруй зургийг шилж сонгон танилцуулж байгаа билээ. Үзэсгэлэнгийн шинжлэх ухааны зөвлөхөөр археологич, МУИС-ийн багш профессор Ц.Төрбат ажиллаж, үзмэр зургуудын нарийн тайлбар мэдээллийг хүргэв. Эртний хад чулуунд мөнхөрсөн адууны дүрс нь нүүдэлчдийн аж төрөхүй, сэтгэлгээ, соёл иргэншлийн үнэт өв, хүн ба хүлэг морины салшгүй холбоо, нүүдэлчдийн өв соёлын мөн чанарыг таниулж буйгаараа онцлог байв.
