Цуглуулагч судлаач Цэндийн Батсайханы “Монголын шашин, соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн 2026 оны 4 дүгээр сарын 10-20-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж үзэгч олныг монголчуудын шашин соёлын урлагийн түүхээр аялууллаа.
Тэр бээр 30 гаруй жил Монгол орны түүх соёлыг сонирхон түүх угсаатны зүйн холбогдолтой эд зүйл цуглуулах, судлах , судалгааны үр дүнгээрээ ном хэвлэн нийтлэх ,цуглуулсан үзмэрүүдээ төрөлжүүлэн үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд дэлгэн үзүүлж иржээ.
Нүүдэлчин монголчуудын амьдрал ахуйдаа хэрэглэх зорилгоор хийсэн мод, ган, төмөр, мөнгөн урлал , бурхны шашны болон зан үйлийн монгол зураг, зээгт наамал болон уран хатгамал зэрэг гар урлалын төрлөөр хийж бүтээсэн зүйлүүд мөн чулуун болон төмөр зэвсгийн үеийн урлал, монголын эртний зэр зэвсэг зэргийг цуглуулжээ. Тэрээр монголын болон олон улсын зоос мөнгөн тэмдэгт, морины тоног хэрэгсэл, бурхны уран баримал, монголын эртний зэр зэвсэг, түмэн газрын цайны зам, монгол угсаатны зүйн эд зүйл, монгол шаазан, монголын эзэнт гүрний зоос, олон улсын маркийн болон мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэнгүүдийг тус тус зохион байгуулж ном бүтээлийн үзэсгэлэнгүүдийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт гарган сурталчилж ирсэн байна.
Ц.Батсайхан Сүхбаатар аймгийн угсаатны музейд 304 нэгж үзмэр бүхий “Монголын эртний зэр зэвсгийн үзэсгэлэн” мөн музейн Д.Сүхбаатарын танхимд Д.Сүхбаатарын холбогдолтой тэмдэг , медалион болон Монгол улсын одон медалийн цуглуулга 154 нэгж үзмэрийг мөн өөрийн төрсөн сум Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын соёлын төвд Иж бүрэн тавилгатай эртний монгол гэр болон угсаатны холбогдолтой зүйлс , хүрэл төмрийн үеийн зэвсгийн зүйл, эмээлийн чимэглэл зэрэг 134 нэгж үзмэр бэлэглэжээ
Мөн цуглуулгаараа 30 гаруй номыг бодит зурагтайгаар “ӨВ СОЁЛ” цувралаар хэвлүүлснээс 6 номыг хятад ,англи , монгол бичгээр БНХАУ-д хэвлүүлсэн байна. Мөн хувийн музейнүүдэд , угсаатны зүйн холбогдолтой эд зүйлс гэрийн тавилга хэрэглэл, хувцас гоёл чимэглэлийн зүйлс зэргийг өгч дэглэж зохион байгуулахад нь тусалж ажилласан байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд Монголын шашин соёлын холбогдолтой шүтээн зураг, шашин номын зан үйлд зориулсан монгол зураг, модон барын хэвлэмэл зураг , бурхны уран баримал зэрэг 700 гаруй үзмэр тавигджээ.
-Дэлгэмэл болон жаазтай шүтээн зураг 40ш.
-Төрөл бүрийн металл /мөнгө, зэс , гууль, төмөр/ гуутай шүтээн зураг 130 ш.
-Бурхан номын зан үйлд зориулсан монгол зураг. 331 ш.
-Шашны зан үйлийн Модон барын хэвлэмэл зураг 180 ш
-Бурхан шүтээний уран баримал 120 ш тус тус орсон байна
Манай оронд 70 шахам жил бурхан шашны соёлыг үгүйсгэж ирсний дараа Монголчуудын оюун санааны нэг хэсэг болж байсан, бурхны шашны соёлын ховор болсон олонх хүмүүс мэдэхгүй , ойлгохгүй , хэрэггүй гэж үзэж байсан эдгээр зүйлсийг судлаач , соёлт хүний нүдээр харж цуглуулан энэхүү үзэсгэлэндээ дэлгэн үзүүллээ.
