“СЭТГЭЛИЙН АЯС” үзэсгэлэн
2026-10-15

МУЭ –ийн гишүүн, СТА  зураач С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 9 дүгээр сарын 21-27 өдрүүдэд дэлгэгдлээ.

Зураач С.Баярбаатар нь 1980–1987 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн сийлбэрийн ангид суралцаж, дүрслэх урлагийн үндсэн мэдлэг, ур чадвараа эзэмшжээ. Улмаар 1990–1998 онд Москва хотын В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн академид суралцан мэргэжлийн боловсролоо гүнзгийрүүлсэн байна. Мөн 1983–1986 онд ХЦ , 1987–1990 онд Улаанбаатар хотын МУЭ-ийн салбарт зураачаар ажиллахын зэрэгцээ МХЗЭ-ийн үүрийн даргын албыг хашиж байжээ.

1998–2003 онд ДУДэС, 2013-2025 онд ИЗИС-ийн харьяа ДУДТ-ын ДС-д уран зургийн багшаар ажилласан нь түүний мэргэжлийн мэдлэг, уран бүтээлийн туршлагаа залуу уран бүтээлчдэд өвлүүлэн үлдээх чухал үе болсон юм. Харин 2003 оноос эхлэн бие даасан чөлөөт уран бүтээлчийн замыг сонгон, өөрийн үзэл санаа, арга барилыг улам бүр хөгжүүлэн уран бүтээлээ туурвиж ирсэн байна.

С.Баярбаатарын уран бүтээлийн замнал Монголын төдийгүй олон улсын урлагийн орчинд өргөжсөнөөрөө онцлогтой. Тэрээр 1990 онд Москва хотод болсон оюутнуудын хамтарсан үзэсгэлэнд оролцож, улмаар 1993 онд Польшийн Варшав хотод, 1996 онд Голландын Берген хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Мөн 1998 онд Москва хотод, 1999 онд Улаанбаатар хотын МҮЭСТөв ордонд бие даасан үзэсгэлэнгээ толилуулжээ.

“Сэтгэлийн аяс” үзэсгэлэн нь түүний 6 дах удаагийн бие даасан үзэсгэлэн бөгөөд Орос, Голланд, Польш, зэрэг орнуудад уран бүтээлийн үзэсгэлэнгээ зохион байгуулж байжээ. Уг  үзэсгэлэнд 1980 аад оноос хойш бүтээсэн  нийт 70 гаруй уран бүтээлүүд тавигдсан байна.

С.Баярбаатарын хувьд уран бүтээл гэдэг нь зөвхөн зураг бүтээх үйл явц бус, амьдрал, хөдөлмөр, мэдрэмж, цаг хугацааг өөрийнхөөрөө ажиглан тунгааж, түүнийг урлагийн хэлээр өгүүлэх нэгэн хэлбэр юм. Түүний амьдрал, уран бүтээлийн замнал нь мэргэжлийн боловсрол, багшлах ажил, уран бүтээлчийн бие даасан эрэл хайгуултай салшгүй холбоотой юм.

# Сэдвүүд
Мэдээ