Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Хэрэглээний урлал НҮТББ-ын хамтран зохион байгуулсан МОНГОЛЫН ХӨДРӨГ БА ГАР УРЛАЛЫН ИХ НААДАМ хоёр дахь жилдээ 2024.06.25-2024.07.02-ны хооронд 7 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Монгол улс нь гар урлалын язгуур улс болохын хувьд өөрийн орны уламжлалт язгуур гар урлал, тэр дундаа хөдрөг, зүймэл болон бусад урлалыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, сурталчилах бусад орны шилдэг гар урлаачдын уран бүтээлтэй танилцаж туршлага судлах, цаашид хамтран ажиллах олон арга хэмжээнүүдийн эхлэлийг тавих, харилцан сургалт судалгаа явуулах нөхцөл боломжуудыг бий болгоход оршдог билээ.
Тус үзэсгэлэнд 50 орчим гар урлаачдын бүтээсэн хөдрөг, зүймэл урлал, эсгий урлал, сүлжмэл урлал зэрэг 300 гаруй урлалын бүтээлүүд дэлгэгдэж олны хүртээл боллоо. Үзэсгэлэнгийн үеэр мастер урчууд, уран бүтээлчдийн лекц, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.
Уг наадамд өөрийн гоц гойд ур чадвар гаргууд гүйцэтгэлээрээ цойлон ялгарсан дараах уран бүтээлчид шагналаа гардаж авлаа.
ГРАНПРИ ЦОМ АЛТАН СОЁМБО-оор
Хөдрөг урлаач Б.Болормаа
ЭСГИЙ ЭДЛЭЛ төрөлд
Рэгги стайл баг
ЗҮЙМЭЛ ЦҮНХ төрөлд
Г.Мөнх-Учрал
ХҮҮХЭЛДЭЙ-н төрөл
Б.Цэцэнбилэг /дэд байр/
Д.Нина /тэргүүн байр/
СҮЛЖМЭЛ АРТ төрөлд
Н.Нарантуяа
СҮЛЖМЭЛ ЭДЛЭЛ төрөлд
Б.Очирхуяг
ЭСГИЙ АРТ төрөлд
Галатик баг
ЗҮЙМЭЛ ХУВЦАС төрөлд
Б.Бат-Удвал нар шилдгээр шалгарч шагнал хүртлээ.
Мөн Сэргээн засах мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч Өлзий, Эвсанаа нарын бүтээлийг онцлон Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн зүгээс тусгай шагнал гардуулав.
Уг наадмын шүүгчдээр мэргэжлийн уран бүтээлчид болон докторын зэрэгтэй багш нар ажиллалаа.