Монгол улс , БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөгөөс “Энэтхэгийн соёл, гар урлал” сэдэвт үзэсгэлэнг Монгол улсад суугаа БНЭУ-ын элчин сайдын яам, “Шадар Түшээ Соёлын Элч Сан” ТББ-тай хамтран 2025 оны 2 дугаар сарын 20-оос 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь 16000 гаруй үзмэр, цуглуулгын баялаг сан хөмрөгтэй бөгөөд жил бүр ховор нандин дахин давтагдашгүй үзмэр, цуглуулгаасаа тусгай, сэдэвчилсэн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, өөрийн улс болон гадаад улс орны соёл хоорондын харилцаа, түүх, урлаг, соёлын тухай ойлголтыг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулах зорилгоор ажиллаж ирсэн уламжлалтай.
“Энэтхэгийн соёл, гар урлал”-ын үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөгт 1969, 2003 онуудад бүртгэгдэн хадгалагдаж буй Энэтхэг улсын гар урлал, түүх, урлаг, соёл, шашин, үндэсний бахархал зэргийг илтгэсэн дахин давтагдашгүй ур хийц, дүр дүрслэлийг шингээсэн бүтээлүүд болох 200 орчим үзмэр цуглуулгыг дэглэн үзэгч олны хүртээл болгов.
Тус үзэсгэлэнд Энэтхэг улсын XIX-XX зууны гар урлал, гоёл чимэглэл, яс, төмөр, модон сийлбэрийн урлаг, гэрэл зураг зэрэг өвөрмөц сонирхолтой бүтээлүүдийг олон нийтэд толилууллаа.