Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Энэтхэгийн уран бүтээлч Рену Кумарын “СЭТГЭЛИЙН ХЭЛХЭЭС” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2025 оны 3 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд дэлгэгдлээ.
Энэхүү үзэсгэлэн нь гадаад улс орны уран бүтээлчид, тэдний бүтээлийг монголын үзэгчдэд танилцуулах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан билээ.
Зураач Рену Кумар (уран бүтээлийн нэр RK) нь арав гаруй жил мэргэжлийн уран бүтээлчээр бүтээлээ туурвиж олон улсад өөрийн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэн нь түүний Монгол улсад гаргаж буй хоёр дахь бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн юм. Тэр бээр уран бүтээлээрээ хүний дотоод сэтгэл хөдлөлийн агшинг зөвхөн нүүрний бодит хэлбэр, өнгөц дүрслэлээр харуулах бус гүн гүнзгий агуулгыг илэрхийлэхийг чухалчлах болсон. Тиймээс илэрхийллийг шууд бодитой илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзэж абстракт урлагаар дамжуулан туурвиж эхэлсэн байна.
Түүний зургийн зотонг өнгө будгийн цогцлол эрчимтэй бүрхэж байдаг. Улаан өнгө хар өнгө рүү уусан сүлэлдэж, хурц зураас зурлагууд зөөлөн өнгөний дундуур зүсэн орж, эмх замбараагүй хөдөлгөөн үүсгэж нам гүм мөчүүдийг сэрээх мэт. Бүтээл бүр нэгэн шүүгдээгүй бодит сэтгэл хөдлөл юм.
Нэгэн ярилцлагынхаа үеэр уран бүтээлч, “Абстракт урлаг зөвхөн юмс хэрхэн харагддагийг дүрсэлдэггүй, харин хэрхэн мэдрэгддэгийг харуулдаг. Энэ нь яг л зүрх сэтгэл рүү толь тусгах мэт, хэчнээн тусгал нь тархсан ч…” гэжээ.
Энэхүү үзэсгэлэнгээр тэрээр хуучны бүтээлүүдээ дэлгэсэн нь яг л өөрийн гэнэн төрхөөр бичсэн тэмдэглэлийн дэвтрээ нээж буй мэт санагдах бөгөөд уран бүтээлчийг бүтээлч болгосон суурь ажлууд нь билээ.
Тиймээс, “Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэнд тавигдсан хурц илэрхийлэл бүхий хөрөг зургууд, цаг хугацаанд үлдсэн сэтгэл хөдлөлүүд түүний сэтгэл дэх абстракт илэрхийллээр дүрслэгдэж, эрч хүчтэй өнгө, дүрсийн зохицол нь хуучны танил мэдрэмжийг тэс өөр замаар өдөөх ажээ.