Монголын Элчин сайд нарын клубээс санаачлан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран ахмад дипломатуудын туурвисан, орчуулсан, хянан тохиолдуулсан ном бүтээлийн үзэсгэлэнг 2025 оны 3 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд дэлгэн танилцууллаа.
Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гурван өдөр дараалан дэлгэгдсэн ном бүтээлүүдийн үзэсгэлэн нь түмэн олны сонирхлыг татаж, оюуныг мялаасан сайхан явдал байв. Тэр тусмаа 1913 онд орос худалдаачин Гудвинцелийн хөрөнгөөр худалдааны пүүсийн зориулалтаар баригдсан Хүрээний хамгийн өндөр барилга байсан, эдүгээ Монголын урлагийн олон зууны өвийг хадгалан таниулж буй нийслэл хотын маань анхны барилгуудын нэг уг музейн байранд манай нэрт дипломатууд, элчин сайд нарын төлөөлөл ном бүтээлийнхээ дээжээс толилуулсан бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал боллоо. Энэхүү үзэсгэлэнд 38 ахмад дипломатчидын 269 номыг дээжлэн тавьсан билээ. Үзэсгэлэнд тавигдсан номын сэдэв, агуулга өргөн хүрээтэй, дипломатын дурсамжаас эхлээд мэргэжлийн гарын авлага, олон улсын харилцааны түүх, гадаад бодлогын замнал, хэл шинжлэл, улс төр, эдийн засаг, уран зохиол гээд олон чиглэлийг хамарчээ.
Монгол төрийн алтан аргамжийг бөхөлж явсан ахмад дипломатууд хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар төр улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилго, үйл ажиллагааныхаа хажуугаар номд шамдаж, тодорхой бүтээл туурвисан хүмүүс гэдгийг олон нийтэд сурталчлан таниулах нь энэхүү үзэсгэлэнгийн нэг зорилго юм.