Монголын дүрслэх урлагийн сонгодог өв, ахмад уран бүтээлчдийн мөнгөн үеийн ур ухаан, уран сэтгэмжийг тээсэн уламжлалт “Эртний сайхан” үзэсгэлэн энэ намрын уянгат өдрүүдэд үзэгч олонд хүрлээ.
МУЭ-ийн ахмад уран бүтээлчдийн жил бүрийн хүндэтгэлт үзэсгэлэн 2025 оны 9 дүгээр сарын 25-аас 10 дугаар сарын 5 – ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь Олон улсын ахмадын баярын өдрийг угтаж, ахмад уран бүтээлчдийн урлагийн өв, сэтгэлийн царааг олон нийтэд таниулах зорилготой юм.
Энэ удаад 50 гаруй ахмад уран бүтээлчийн 61 бүтээл нэг дор цуглан, өнгө будаг, дүрслэл урлал, сэтгэлгээний гайхамшгаар бялхаж байлаа. Ардын зураач Г.Дунбүрээ, Ц.Байды, Төрийн соёрхолт барималч Ц.Амгалан, Төрийн соёрхолт зураач Ц.Цэвэгмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гунгаа, П.Цэгмид, Н.Орсоо, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Орхон, Ж.Нанзаддорж, МУЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун, Л.Бумандорж, Ц.Нармандах, О.Эрдэнэцогт, Г.Төмөр, Л.Гантөмөр, Ж.Ганхүү, Д.Бадам зэрэг олон уран бүтээлчдийн ур хийцийн сор бүтээлүүдийг энд нэрлэж болохоос гадна, дүрслэх урлагийн төлөө бүх насаа зориулсан олон ахмад уран бүтээлчдийн сэтгэлийн үнэт урлал нэгдэн цогцолжээ.
“Эртний сайхан” үзэсгэлэнгийн бүтээлүүдэд байгаль эхийн мөнхийн өнгө, хүний амьдралын баялаг түүх, хүн чанар, сэтгэлгээний гүн ухаан, мөнхөрсөн хөрөг дүрслэлүүд амилан буй. Зөвхөн уран зураг төдийгүй уран баримлын бүтээлүүд ч үзэсгэлэнд чимэг болон орж, үзэгч түмний оюуны мэлмий, сэтгэлийн чуулгыг баясгалаа.
Жилдээ ганцхан удаа зохион байгуулагддаг энэ үзэсгэлэнд ахмад уран бүтээлчид онцгой бэлтгэлтэй оролцож, өөрийн бүтээлийг үзэгчдийн оюун санаанд хүргэхдээ хичээнгүй, чин сэтгэлээ зориулдаг уламжлалтай билээ.
