ХАДНЫ ЗУРАГ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮРСЛЭЛ “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн
2026-03-14

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “БҮСГҮЙЧҮҮДИЙН ДҮР ДҮРСЛЭХ УРЛАГТ” үзэсгэлэнг 2001 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн үзэсгэлэнг найруулагч, Сэмүүн студийн захирал Б.Баяр, уран бүтээлч Х.Бөхтулга, археологич Т.Идэрхангай нартай хамтран ХАДНЫ ЗУРАГ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮРСЛЭЛ “АЛТАЙН ВЕНЕРА” үзэсгэлэнг 2026 оны 3-р сарын 6-12-ны хооронд зохион байгуулж үзэгчдэдээ толилууллаа.

Хадны зураг бол хүн төрөлхтний оюун санаа, уран сэтгэмжийн анхны илэрхийлэл төдийгүй түүх, соёлын “амьд архив” юм. Хад чулуунд  сийлж, цохиж, зурж үлдээсэн дүрслэлүүд нь эртний хүний ертөнцийг үзэх үзэл, нийгмийн бүтэц, зан үйл, шүтлэг бишрэл, гоо зүйн мэдрэмжийг өнөө үед уламжлан хүргэдэг чухал соёлын өв, дурсгал билээ.

Монголын хадны зургийн урлаг нь Төв Азийн нүүдэлчдийн байгальтай шүтэлцсэн амьдралын хэв маягийг илэрхийлсэн өвөрмөц онцлогтой. Тухайлбал, Бага Ойгорын хадны зураг, Цагаан Салаагийн хадны зураг зэрэг дурсгалт газруудад эмэгтэйчүүдийг ан ав, нүүдэл суудал, зан үйлийн хүрээнд дүрсэлсэн нь элбэг. Тэдгээрийн дотроос эмэгтэй хүний дүрслэл онцгой байр суурь эзэлдэг нь нүүдэлчдийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг, бэлгэдлийн утга агуулгатай нягт холбоотой юм. Эмэгтэй хүнийг зөвхөн гэр ахуйн хүрээнд бус, нийгмийн идэвхтэй гишүүн, анчин, морьтон, зан үйлийн оролцогч байдлаар дүрсэлсэн нь эртний нүүдэлчдийн нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь, оролцоо чухал байсныг харуулдаг.

Чулуун дээр сийлсэн энгийн мэт дүрслэл бүрийн цаана амьдралын тэнцвэр, байгаль-хүн хоёрын зохицол, эх дэлхийтэй шүтэлцсэн оршихуйн үзэл санаа нуугдаж байдаг гэдгийг тус үзэсгэлэнгээр дамжуулан үзэгчдэд танилцуулав.

ХАДНЫ ЗУРАГ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮРСЛЭЛ “АЛТАЙН ВЕНЕРА” үзэсгэлэнд Б.Баярын хадны зургийн цуглуулгаас эмэгтэй хүний дүрслэл бүхий 40 орчим гэрэл зураг, уран бүтээлч Х.Бөхтулгын хадны зургаас сэдэвлэн бүтээсэн AI-ийн видео бүтээлийг толилуулснаараа онцлог, сонирхолтой үзэсгэлэн байлаа.

# Сэдвүүд
Мэдээ