Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилготой “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг 2026 оны 8 дугаар сарын 7-29-ны өдрүүдэд үзэгч олон нийтэд толилууллаа.
Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгийн ховор нандин цуглуулгаас олон нийтэд урьд өмнө дэлгэгдэж байгаагүй сор бүтээлүүдийг дэлгэн үзүүллээ. Энэхүү үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхэн замнал, залгамж холбоо, уран бүтээлийн үзэл санаа, хэв маягийн хувьсал, уран сайхны өвөрмөц онцлог бүхий өв уламжлалын үнэ цэнийг өнөө цагийн үзэгчид та бүхэндээ соёлын ой санамжаар дамжуулах хүргэхэд чиглэсэн билээ.
Өдгөө Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монголын дүрслэх урлагийн түүх, соёлын өвөрмөц үзмэр цуглуулга бүхий улсын хэмжээний тэргүүлэх сан хөмрөгтэй бөгөөд тэдгээрийг судалж, хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулж түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Энэхүү тусгай үзэсгэлэн нь музейн 60 жилийн хугацаанд бүрдүүлсэн үнэт цуглуулгын онцлох бүтээлүүдийг дээжлэн үзүүлэхээс гадна Монголын дүрслэх урлагийн оюуны өвийн үнэ цэн, өвлөн уламжлуулах ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилготой бөгөөд онцлох цуглуулга бүхий 200 гаруй үзмэр эд зүйлсийг дэлгэн үзүүлэв.
